2007/02/27

Үдийн цайгаар...

Монголчууд яагаад ийм цөөхүүлээ юм бол? Энэ тухай хоёр хүний яриаг сонсоцгооё.

Нэгдэх хүн, монголын түүхийг шаггүй мэддэг инжнэр залуу. Ингэж байна: Хүн гэдэг амьтны амь амьдрал, тоо толгой нь хүнс тэжээлийн нөөцтэйгөө шууд холбоотой буюу их хүнс тэжээлтэй бол их хүн амтай гэсэн үг. Жишээ нь азийн будаа иддэг хятад зэрэг орнууд будаа шигээ олон хүнтэй байдаг. Будаа гэдэг нь жилд хэд хэдэн удаа ургац авдаг маш олон хүнийг тэжээх чадвартай хоол учраас бижигхээн арал дээрх ёпонууд хүртэл 100 хэдэн сая болтлоо үржжээ. Монголчуудын гол хүнс тэжээлийн нөөц мал нь тодорхой хэмжээтэй бэлчээрт тодорхой тоо толгойноос хэтэрдэггүй юм байна. Тэр тодорхой тоо нь 20, 30 сая мал болоод 2, 3 сая хүнийг л тэжээх чадвартай байдаг гэж. Сонирхолтой л юм. Хүнсээ яаж нэмэгдүүлэх вэ? хүмсээ.

Хоёр дахь хүн болохоор хими биологийн чиглэлийн хүн. Нэг удаа шинжилгээ судалгаагаар явж байхдаа удвал гэдэг цэцгийг хайсан гэнэ.Маш үзэсгэлэнтэй, нарийн бүтэцтэй чухамдаа бол шилдэг сортын тэр цэцэг ямар ховор ургадагийг их гайхсан гэж байгаа. Харин жирийн шар цагаан цэцэг болон хогийн ургамал бол хаа сайгүй бөөн бөөнөөрөө ургадаг гэж. Хүн ч гэсэн байгалийн амьтан учраас ижилхэн байх учиртай.

Та бүхэнд сонирхолтой санаа байвал хэлээрэй.

* * *

Үүрээр унтаж байгсдыг сэрээхгүйн тулд өлмий дээрээ гишгэн коридороор явж байхад гал тогооны радионоос намуухан эгшиглэхэд нь огт тоодоггүй байсан энэ аяыг хисабисани (ойр хожид сонсоогүй байжаагаад) сонссон чинь өөрийн эрхгүй босож, нутгийн зүг харан цээжиндээ гараа тавьж зогсоод гүн хүндэтгэлтэйгээр чагнав.
(татаж авах)

Радио гэснээс монголын радиогоор "Араатан архирна...Бид нар бархирна...Хар тас хаа ч явсан сийхгүй..." гээд цоглог дуу яваад дуусж л.
Тэгсэн чинь 3-4 секунд чимээгүй байсны дараа "тэдэн цаг болж байна" гэж хэлдэг эгчийн танил хоолой:
"Эстрадын Хар тас хамтлаг дууллаа" гэдэг байгаа.Сүртэй.

2007/02/11

Том Жэри хоёр

Он цагийн эрхээр Том хөгширч өөд болжээ. Том бол Жэригийн хувьд олон жил хөөцөлдсөн заналт дайсан, эрлэг нь байсан ч гэсэн өөд болсноос нь хойш Жэри нэг л цог золбоогүй болж орхив. Хэдийгээр айх аюул багассан ч хааяа бүр Томыг зүүдлэх ч үе байлаа.

Нэг өдөр хөгшин Жэри бор ходоондоо юм олж хийхээр үүрнээсээ гараад урамгүйхэн явж байтал гэрийн эзний шинэхэн анд, залуу муур түүнрүү дайрав. Хөлийн хурд мэдэн зугтаах Жэри, залуу муур хоёрын хоорондох зай улам бүр багассаар. Мууранд бариулж үзээгүй ч гэсэн хөгшин Жэри яагаад ч юм тэгтлээ айхгүй байлаа. Зугтааж байхдаа Жэри ингэж боджээ. "Өдөр болгон шахуу хөөцөлдөхдөө Том намайг нэг ч удаа гүйцээгүй юм байна шүү."

Залуу муурын хурц хумснууд биед нь шигдэн орж ухаан балартан, нүд бүрэлзэхэд Жэри ахиад Томын тухай бодлоо. "Том бол надаас том биетэй, хүчтэй, хурдан. Гэтэл яагаад намайг гүйцдэггүй байсан юм бэ?"

Диваажингийн үүдээр Жэриг орж ирэхэд Том сүүлээ гозолзуулан үсрэн дайрлаа. Жэри ч сурсан зангаараа жирийлгэж гарав. Гэхдээ огт аймшигтай байсангүй. Бүр албаар бүдэрч унаж, удаан гүйж ч үзэв. Том үнэхээр гүйцэхгүй байлаа. Жэри хөгжилтэйгээр гүйж байхдаа ингэж боджээ.
"Том, би чамтай уулзсандаа баяртай байна. Чи бол жинхэнэ найз!"

 
Free Counter