2009/10/08

Хар салхинд

Өглөө гэрээсээ гартал бүх метронууд хар салхины улмаас зогсчихсон хүмүүс буудал дээр шамбааралдаж байв. Эхэндээ ч нэлээн тэвчээртэйгээр янз бүрийн хувилбараар шугам сольж суусаар, шахалдаж чихэлдсээр ажил руугаа нэлээд дөхсөн боловч гурван буудлын зайтай ирээд таг зогсов.

Эхлээд метрон дотроо суугаад хүлээгээд л байлаа, ном уншиж үзэв, дуу дуулж бүжиглэж үзэв. Хөдөлдөггүй ээ. Тэгж тэгсээр аргагүй тэвчээрийн утас тасарч гараад алхлаа.

Бүхий олон багачуудаа дуулаад эрч хүчтэй алхаж эхэлсэн боловч удалгүй салхи ширүүсч өөдөөс хүчтэй үлээхэд хамаг хувцас хунар, дэл сүүл маань дэрвэж улам сүр хүчтэй болж байв.

Урагш 45 хэмийн хазайлттайгаар тэмүүлэн алхахад машинаар яваа болон шонгийн мод тэврэн зогсох хүмүүс над руу бахадсан харцаар харж, зарим нь гар утсаараа зураг авч байсныг хэлэх хэрэгтэй болов уу.
Хүчтэй салхинд энгэрийн товчнууд тас тас үсэрч хагас нүцгэн болсон ч шантралгүйгээр зүтгэсээр байв. Харин тэр үед чихэвчний хөгжмөөр Вандан, Дуламсүрэнгийн дуу явж байсныг хэлэх нь илүүц юм.


Саад бартаа үүгээр дууссангүй, гэнэт хүчтэй бороо орж эхэллээ. Шүхрээ дэлгээд цааш алхтал гялгар уутан шүхэр маань салхинд эсрэг тийшээ эргэж, улмаар гялгар уутан хэсэг нь хийсэн одсноор намайг халхлах үндсэн үүрэг нь үгүй болсон ч би шүхрээ хаялгүй чанга атган урагш тэмүүлсээр... Олон удаа шантарч таксинд суух бодол төрж байсан ч урд алхах бүсгүйн даашинз салхинд сөхөгдөх магадлал нэлээд өндөр байсан нь миний сэтгэлийг торгоож байлаа.

Арай гэж ажлын бараа тэртээд харагдав. Шалба норсон өмд хамдаа мушгиж зогстол юу харсан гэж бодно. Нөгөө муу метро чинь хөдөлчихсөн, урьдныхаасаа илүү хурдан, илүү урт болчихсон давхиж байлаа. Ингэж арай гэж ажил дээрээ ирсэн боловч гадаа хэдий нь салхи намжиж, тэнгэр цэлмээд хүүхэд хөгшид нарлаж эхэлвэй.

1 комэнт:

Мика /美香/ said...

хэхэ, инээдтэймбээ яасан.. ялангуяа "Олон удаа шантарч таксинд суух бодол төрж байсан ч урд алхах бүсгүйн даашинз салхинд сөхөгдөх магадлал нэлээд өндөр байсан нь миний сэтгэлийг торгоож байлаа." хэсэг гсн.ккк

 
Free Counter