2009/01/26

Аса & Хакухо

Өчигдөр Аса сэтгэл сэргэтэл сайхан түрүүллээ. Японы мэдээллийн сувгууд түүнийг ноднин жилжингээ буруушаасан. Тэр нь заримдаа хэрээс хэтэрсэн мэт санагдах үе ч байлаа. Тэгж балбуулж байхад баргийн хүн сэтгэл санаагаар пиарна. Харин Аса шүд зуун босож ирлээ, эрийн хуйх.
Бас түрүүлснийхээ дараа Монголын ард түмэндээ хандаж Монголоор мэндчилгээ дамжуулсан нь хэний ч сэтгэлийг хөдөлгөсөн.
"Үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Цаашид олон удаа та бүхнийгээ баярлуулнаа!" хэмээн сэтгэлээсээ хэлэхэд нь олон Монголчуудын самсаа шархирсан бизээ.
Бүр миний ч сэтгэл хөдөлсөн.
"миний ч" гэж хэлсний учир гэвэл: өгүүлсү.

Япончууд бол өнө эртнээсээ суурин иргэншилтэй, хамтаар амьдрана гэдгийн утга учрыг "сайтар чанаад болгочихсон" ард түмэн. Хувь хүмүүсийнх нь үзэл бодолд "бусдад үлгэр дуурайл үзүүлэх", "бусдад хэрхэн харагдах", "бусдад төвөг удахгүй байх" гэдэг сэтгэхүй нэвт шингэсэн байдаг бол нийгмийн сэтгэхүйд нь "иргэн хүний биеэ авч явах байдал, ялангуяа нэр алдартай хүн бол нийгэмд үлгэр дуурайл үзүүлж нийт ард түмнийг байлдан дагуулснаар улам сайхан нийгмийг цогцлооно" гэдэг үзэл бодол бат суурьтайгаар оршдог.

Монголчуудын "усыг нь уувал ёсыг нь дага" гэдэгтэй яг ижил утгатай үг японд байдаг бөгөөд тэрийгээ зарлиг мэт дагадаг, бултаараа дагахыг шаарддаг. Хувь хүний үзэл бодол өөр байсан ч, өөрөөр хэлбэл дотроо өөр юм бодож байсан ч "бусдын төлөө", "нийгмийнхээ төлөө" нийтээрээ бурууг буруушаадаг. Энэ утгаараа японы мэдээллийн сувгууд нийгэмд харьцангуйгаар муу нөлөө үзүүлж болох үйл явдал, алдартай хүмүүсийн хэлсэн үг, биеэ авч явах байдлыг хүчтэйгээр шүүмжилдэг. Ёстой л балбаж өгнө. Нийгмийн байр суурийг нь юу ч үгүй болтол нь, зарим үед бүр амиа хорлохоос өөр гарцгүй болтол нь балбадаг. Өндөр нягтаршилтай нийгэмд муу нөлөө гэдэг тахал мэт дэлгэрэх учраас ийнхүү хамгаалалт хийх нь зөв мэт бодогдох боловч зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгмийн харгайгаар энэ "хамгаалалт" нь хэрээс хэтэрсээн, хэтэрсэн! (зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгмийн харгайны тухай дараа бичимз).
Энэ мэт шалтгаанаар Аса-гийн байн байн "өдөөдөг" үйл явдлуудыг телевиз радио, сонингууд нь ам уралдан хайр найргүйгээр шүүмжилдэг. Монголд хөл бөмбөг тоглосон, агсам тавьсан, хараал хэлэх зэргээр зүй бус авирласан гээд түүнийг балбасан жишээнүүд дуусахгүй. Хэлсэн ганц үгийг нь өлгөж аваад, томруулж байгаад л балбаад эхэлнэ. Мань мэт оронд нь байвал стресстэж үхмээр.

Тэгээд мөхөс би Аса-гийн тухай юу гэж боддог болсон бэ? гэхлээр жоохон япончуудад нийцүүлж харьцаасай, арай даруухан байгаасай. Бялдуучил, худлаа инээ гэж огтхон ч хэлэх гээгүй. Зүгээр л бага зэрэг ёсорхуу, тэдэнд таалагдах үгийг нь хааяа хэлчихээд л явж байвал япончууд ч тайвширна өөрт нь ч гэсэн амар мэт санагдана. Монголчуудын иймээж гэдэг юмыг харуулж байгаа гэдэг утга ч бага зэрэг байна. Мэдээж заримдаа омог бардам, хийморьлог монгол зан гарах л биз, гарсан нь ч гоё. Харин энэ хоорондох балансыг л бариад байгаасай гэсэн санаа. Тэр зэргийн ухаан түүнд байгаа гэдэгт итгэнэ. Өчигдөр үг хэлэхдээ "Би бол японы ёкозуна. Тийм ч учраас би японд хайртай" гэж японоор хэлж "тал засчихаад", дараад нь Монголоор мэндчилгээ хэлсэн нь миний нөгөө хэлэх гээд байгаа баланс. Нэгэн дэвшил гэлтэй. Аса-гийн тухай энэ хүртэл.

Хакухог анхнаас нь дэмжиж ирсэн. Хэний ч хайрыг татах сайхан Монгол хүү. Уужуу тайван, сэтгэл тайвшруулам нэг юм түүнээс гэрэлтдэг. "Япон эхнэр авсан", "хэт японжсон" гэх зэргээр шүүмжлэлтэй хандах хүмүүс Монголчууд дунд цөөнгүй байдаг.
Тийм биш! Япон эхнэр авлаа гээд тэр япон хүн болохгүй. Тэрний бие, сэтгэл бүх юм нь Монгол хэвээрээ. Хайр сэтгэлээ дагаж тийм шийдвэр гаргасан нь түүний зориг. Яахав Монгол хүүхэд залууст үлгэр дуурайл болно гэдэг утгаараа алдартай хүмүүс гадны хүнтэй суухгүй байсан нь дээр гэсэн үзэл бодол байж болох юм. Тэгвэл, эрэгтэй хүн гадны хүнтэй суулаа гээд Монгол хэвээрээ, хүүхэд нь ч Монгол хүн болно гээд чанга дуугаар хэлчихье. Харин эмэгтэй хүний хувьд гадны хүнтэй суувал үүний эсрэг үр дагавар гарах учраас ижилхэн үг хэлж чадахгүй (жэндэрийн асуудалд ороогдож магадгүй ч хэлээд тавьчихлаа :).

"японжсон" гэдэг бол ердөө л түүний чих зөөлөн, даруухан зангийн илрэл. Бялдуучлаад, тал засаад байгаа юм биш. Яагаад гэвэл эргэн тойрных нь багш, сурган хүмүүжүүлэгч японууд нь түүнийг хүүхэд байхаас нь ярьж хэлэх, алхах гишгэхийг нь заагаа биз, шаардаа биз. Өөрсдөө элдвээр хэлэгдэж, асуудалд орохгүй гэж шүү дээ. Хакухо тэр үгэнд нь орсон, хүмүүжилтэй байсан л биз. Тэрнээс биш тэр бол юунаас ч илүү Монголдоо хайртай, Монгол сэтгэлтэй, Монгол хүү юм шүү.

Эцэст нь Монгол хөвгүүд эвт мэх, эр бяраараа гайхуулж байгаад бахархаад бахархаад ханашгүй. Улам сайхан хийморьтой барилдаж, Монголчууддаа сэтгэлийн тэнхээ бэлэглээрэй!

 
Free Counter