2008/10/10

Хэн хийх вэ?

"Салхи оруулъя" гэсэн коммент бичигдсэн байсан учраас болоогийнхоо салхивчийг жоохон нээгээд тоос тортгийг нь үлээлгээд орхий.

Ажил төрөл, Аав ээж, Анд нөхөд, Алт мөнгө, Айл гэр, Авгай хүүхэд гээд Амьдралд "А"-гаар эхэлсэн Асуудал ямар олон юм бэ?  Арван хуруу, Арзгар толгойтой төрсөн юм болохоор энэ олон А-нуудыг Аргадаж зохицуулахаас өөр Аргагүй билээ.


За жоохон чухал царайлаадахъя.
Улс орон энх амгалан оршин тогтноход иргэн, хувь хүнээс юу шалтгаалдаг вэ? Боловсрол бол мэдээж - цэцэрлэг сургуулиас нь тогтсон системээр хүүхдүүдийнхээ толгой руу оруулахаас эхлээд бодлогын аргаар дэмжиж болно.

Харин ёс суртахуун, ухамсар, итгэл үнэмшил гэсэн маш чухал хүчин зүйлүүд нь харьцангуй хийсвэр болоод тэр үү, иргэн-хүүхдүүдийн толгой руу тийм ч амархан чихээд оруулчихаж болдоггүй эд ажээ.

Эрт дээр үеэс бүх л улс орны ухаантнууд, янз бүрийн нийгмийн хэлбэрт байхдаа ард түмнийхээ ёс суртахуун, итгэл үнэмшил хийгээд сэтгэлгээний төгс загварийг бүтээж, хэрхэн түүнийгээ үе дамжуулан сайжруулж авч явах тухай бодож боловсруулж ирсэн болов уу.

Жишээ нь европ, америкийн орнуудад иргэн хүнийх нь хүмүүжил, итгэл үнэмшилд христосийн шашин нь хүчтэй нөлөөтэй. Тэд христосийн шашиндаа сэтгэлээсээ сүсэглэн, номлол сургаальд нь итгэнэ. Дээрээс нь тухайн орны онцлогтой холбоотойгоор үүссэн оюун санааны эрхэм нандин зүйлс байна. Америкууд "эрх чөлөө", англиуд "ёс горим, уламжлал", германууд "шилдэг үндэстэн" гэдэг ч юм уу.
Урагшлаад лалын ертөнц рүү орж ирвэл шашных нь нөлөө бүр ч их хүчтэй. Бурхныхаа төлөө амиа золих бол маруужин идэхтэй адил хялбархан хэмжээнд хүртэл итгэл үнэмшил суусан хүмүүс байдаг гэж дуулддаг.

Сайн мэдэхгүй учраас лалын ертөнцийг орхиод ази руу орж ирвэл бурханы шашны нөлөө газар сайгүй байна. Энэтхэг гэхэд шороон түмэн ядуус нь өмсөх хувцасгүй, идэх хоолгүй хэрнээ тэрэндээ уурлаж бухимдаж байгаа хүн байдаггүй. Тийм тэнэг улсууд уу гэхээр мундаг тоочин учраас тэгж хэлэх хэцүү. Энэ нь ердөө л тэдний олон мянган жил бүтээж ирсэн "миний энэ насны хувь төөрөг ийм билээ" гэсэн нийгмийн сэтгэлгээний загвар, итгэл үнэмшил нь юм.

Хятадын эртний бичиг сударт нь "Иргэн хүн нь хааныхаа үгийг үг дуугүй дага. Харин хаан нь иргэн хүнээ үргэлж гэдэс цатгалан байлга" маягийн зүйл байдаг. Иймэрхүү итгэл үнэмшил одоог хүртэл уламжлагдаж ирсэн болохоор хятадууд нэг намынхаа доор удирдагдаад яваад байгаа ч юм билүү, хэн мэдэхэв.

Японы "муу явахаар сайн үх" гэдэг үзэл буюу самурайн ёс бол иргэдийнхээ ёс суртахуун, итгэл үнэмшилд нь гайхалтай сайн уламжлагдан ирсэн байдаг. Амиа хорлох үзүүлэлт нь дэлхийд дээгүүрт орох хүртлээ.

Зиак бодол тэнүүчлэн явсаар Монголд ирнэ биддээ.
Бид юугаар бахархдаг билээ? Онгон зэлүүд байгальтай уудам газар нутаг, Чингис хааны түүхэн гавъяа, тэртээх агуу байлдан дагуулал. Ойрмогхон гэвэл газар доор байгаа асар их алт эрдэнэс.

Тэгвэл бидний ёс суртахуун, хүмүүжил, үзэл бодлын төгс загвар, үлгэр дуурайл юу вэ? хэн бэ? Монгол иргэн-хүүхдүүд гарцаагүй даган тэмүүлэх ёстой нийтлэг итгэл үнэмшил, сэтгэлгээний нандин зүйлс хаана байна? Тодорхой хэлбэл Монгол хүн бол ингэж бодож сэтгэж, ийм ухамсартай байвал зөв гэсэн томъёлол, үлгэр. Тэрийг бичиж боловсруулж байгаа хүмүүс хаана байна?
Огт байхгүй гэж хэлж байгаа юм биш л дээ.

Магадгүй Чингис хаан бол "жинхэнэ" Монгол хүн гэж хэлж болно. Эрэлхэг зоригтой, газар орон, гэр бүл, ард түмнийхээ төлөө амиа үл хайрлан тэмцэх чанар, үнэнч нөхөрлөл гээд олон зүйл зуун зууныг дамжин бидний оюун санаанд шингэсэн нь дамжиггүй.
Дээр нь эртнээс бишрэн шүтэж ирсэн бурханы шашны хүн амьтныг хайрлах, нүгэлийг тэвчих, буян хийх гэсэн сэтгэлгээ ч бас уламжлагдан ирсэн.
Бас мэргэн ардын сургааль гэж зөв бурууг ялгаж салгахад гайхалтай сайн "үйлчилдэг тан" байна.
Харин энэ бүгд хоорондоо учир зүйн холбоос нь сул, ихэвчлэн ам дамжин ирсэн, зөрчилдөөнтэй үзэл санаа, бүрхэг зүйлс ч байдаг.

Орчин үед хүрч ирээд элдэв нийгмийн систем, зах зээл, эрх чөлөө, глобалчлал зэрэг айхтар хурдтай хийгээд чих дөжрөм олон ургалч үзлийн үр дүнд угаасаа бүдэгхэн байсан Монгол хүнд байх ёстой итгэл үнэмшил, ёс суртахуун, сэтгэлгээний нандин зүйл, зөв буруугийн хэмжүүр нэрвэгдэн доройтохын хэрээр ямар ч аргаар болтугай мөнгөтэй болох ёстой гэсэн үзэл бодол л нийгэмд маань улам хүчээ авсаар байгаа нь харамсалтай.

Тийм болохоор дээр бичсэн бүдэгхэн ч гэсэн Монгол хүний дотор байдаг, цаашид ч байх ёстой зөв итгэл үнэмшил, ёс суртахуун, хүмүүжил, сэтгэлгээний эрхэм нандин загвар (эдгээр үгсийг олон давтаж бичиж байгааг өршөөнө үү) гэдэг зүйлсийг нэгтгэн томъёолж гаргах ажлыг оюунлаг хүмүүст даалгамаар байна. Мэдээж ном хэвлээд, хэдэн үг хэлээд болгочих ажил биш. Олон хүн, олон жилийн хүч хөдөлмөр шингэнэ. Магадгүй хувийн ашиг сонирхолоо умартан хийж бүтээх, зөв замаар явахын үлгэр дуулайлыг үзүүлэх "өөрийгөө золиослогч" нар ч хэрэгтэй. Тэгээд үр дүн нь олон жилийн дараа гарна.

Үрийг нь сорлон тариалаад, сайтар арчилж тордох юм бол ургац нь байна шүү дээ:
Ажилч хичээнгүй, үнэнч шудрага, бусдад тусладаг, зоригтой, муу муухайтай тэмцдэг, эх орондоо хайртай, өөртөө бас арчаатай Монгол хүн байх юм.

Хэрэв ингэж чадах юм бол нөгөө их байгалийн баялаг бол тэгтэл чухал хүчин зүйл биш болно. Харин ургуулж чадахгүй бол хэчнээн алт мөнгө байгаад ч...

5 comments:

javkhlan said...

Good luck mate!

Batbayar said...

Чи ингэхэд 97 онд 11-р сургуулийг төгссөн Хүдэр мөн үү?

Batbayar said...

Чиний энэ бичлэг их таалагдлаа. Энэ бол хүн бүр дурддаггүй боловч маш өргөн хүрээтэй чухал асуудал юмаа. Чи Үндэсний Шинэ Намын талаар сонссон уу, би элдэв нам эвсэлтэй холбоогүй боловч М.Энхсайханийг их хүндэлж явдаг юм. Тэрээр энэ талаар, мөн хариуцлагатай нийгэм, парламентийн бус хүчтэй засаглал гэх мэт олон асуудал гаргаж тавиад байгаа, би анхандаа эргэлзэж хүлээж авч байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам хүлээн зөвшөөрөөд байгаа

khuder said...

javklhlan > чамд ч гэсэн гүүд лаак

batbayar > уншсанд баярлалаа. 11-р сургуулийн тухайд хүн андуурчээ.
Ойрын хэдэн жил эх орндоо байгаагүй болохоор улс төрийн нарийн ширийн, намуудын тухай сайн мэдэхгүй байна.
Үндэсний Шинэ Намын шинэлэг санаануудыг боломж олдохоороо сонирхоноо.

Anonymous said...

Yapond ireed anh ene talaar ih bodoj uzej bilee,yaponchuudiig haraad oorsdiigoo ingehed yamar bilee gej bodoj uzsen hereg. Mongolchuud bidend yag ene chin ih dutagdaad baigam shig.

Gehdee bas baihgui gej helj bolohgui, on tsagiin ergeltend bid oorsdiinhoo ter mon chanar itgel unemshil, setgelgeenii nandin zuilee harahgui bolson met.

Mongolchuud bol aguu soyol ov ulamjlaltai ard tumen, ter ih engiin hernee bidnii setgelgeenii salshgui heseg bolson nandin zuild l buh zuil orshin baigaa met sanagdana.

 
Free Counter