2007/10/20

ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ

Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн
Монгол дахь салбарын номын багш Гэлэн лам Түвдэн Жамцын

БУДДИЗМ БИДНИЙ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛД...
номын хэсгээс
---------------------------------------------------------------------------------------------------

ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ

 Энэрэнгүй сэтгэл бол амьдралын гачаал, зовлон тулгарсан нэгнийг ойлгон мэдэрч, тэдэнд туслах санаа бүхий буяны сэтгэл бөгөөд энэ сэтгэлийг их шашнууд дээдлэн хүндэлж, номлодог билээ. Энэрэнгүй сэтгэл нь Бурханы шашинтан хүний амьдрах хэв маягийн хоёр тулгуурын нэг нь бөгөөд удаах нь, бидний зовлонгийн уг гарвал ба түүнээс гэтлэн гарч түр зуурын хийгээд туйлын амар амгаланд хүрэх аргыг танин мэдэх билиг ухаан байдаг. Өөрийн дүр төрхийн (имиж) хуурамч мөн чанарыг алдаагүй үнэнээр таньсан уг билиг ухаан нь муу сэтгэлийн үндэсийг тасалж, үүрдийн амгаланг олгодог. Өөрийгөө хэрхэн авч үзэх талаархи төөрөгдөл нь амьдарлын хүрдэнд олон дахин төрөл авахад хүргэдэг. Бурхан багшийн сургаал ёсоор, буяны үйл нь их амгалан орны тэнгэр хийгээд хүний төрлийг олоход хүргэдэг бол нүглийн үйл нь адгуус, тамын амьтан, цөл газрын өлсгөлөн бирд болж төрөхөд хүргэдэг. Эдгээр бүх төрлүүд түр зуурын байдаг учраас удалгүй үхэж, үйлийн үрээсээ хамааран өөр төрөлд төрцгөөдөг. Энэ хүрдний хаана ч бодит байдлын тухай төөрөгдөл болон түүнээс үүдэн гардаг зовлонгоос эрх чөлөөгүй байх учраас хүрдэн дотор төрөл авдаг бүх төрөлхтөнийг энэрэнгүй сэтгэлээр тэтгүүштэй.
 Сансарын хүрдэнд хүлж байгаа цалмыг тасалсан цагт л гагцхүү зовлонгоос бүрэн гэтэлнэ. Энэ бол бүхнийг устгаж үгүй болгох юмуу бусдыг орхиж байгаа хэрэг бус. Энэ бол жирийн амьдралд тохиолдох бэрхшээлд хорлогдолгүй эрх чөлөөтэйгээр оролцох буюу энэ ертөнцөд байгаа хирнээ энэ ертөнцийнх биш байхыг хэлж байгаа юм. Ийм байхыг хичнээн их хүсэж залбирдаг билээ дээ?
 Хэдийгээр бид тодорхой хэмжээгээр энэрэнгүй сэтгэлтэй боловч голдуу жигд бус бөгөөд хүчгүй байдаг. Зарим хүмүүсийг хайрлан, нөгөөд дургүй хүрнэ, дуртай хүмүүстэйгээ ч гэсэн тодорхой хязгаарт нөхөрлөдөг. Миний анхны лам багш нарын нэг Түвдэн Ешэ багш барууны орны шавь нарынхаа хооронд болдог өчүүхэн юманд маргаж, өрсөлдөж, атаархаж, уурлах гэх мэт байдлыг анзааран, тэдэнд хандаж: “Та нар хүмүүс байж нэг нэгийгээ гэрийн тэжээврээ хайрлахаас ч доор байгааг хараад би гайхширч байна” гэж билээ.
 Би одоо хүртэл ийм нэг бэрхшээлтэй тэмцсээр байгаа. Үүнд: надад дургүй юмуу үнэлэмжийн хувьд тэс өөр хүмүүсийг энэрнэ, сайн сайханд нь санаа тавина гэдэг хэцүү байдаг. Хүн өөрийн өссөн нийгмийнхээ ёс суртахуунд тулгуурласан ертөнцийг үзэх үзэлтэй болж, өөрт хуримталсан туршлага, итгэл үнэмшилээр цутгасан хэв загварт орсон байдаг. Хүн бүр өөрийнхөө үнэлэмжийг мэдээж хамгийн зөв гэж боддог, хэрвээ тэгж боддоггүй бол түүнийг баримтлахгүй шүү дээ. Өөрийгөө төвчлөх дотоод үзлээс шалтгаалж бидний үзэл бодол амиа хичээх бодлоор бохирддог тул бусдын үзэл бодлыг ойлгох юмуу хүлээн зөвшөөрөхөд хаалт болдог. Үүнээс болж өөрчлөлтөнд эсэргүүцдэг. Өөр сонголтын хандлагад нүдэн балай болж, өөрийн бодолдоо хөдөлшгүй хатуу зогсож, түүндээ мугуйдлан туйлшрагч хүн болон хувирч энэрэхүй сэтгэлийг огоорч орхидог.
 Тийм биш байхыг би өөрөө хичнээн хүсэвч өөрийгөө мугуйдлагч гэдгээ мэдэрдэг. Гэхдээ тийм ч бүр хөдөлшгүй хатуу биш байж магадгүй, Ешэ лам багшийнхаа бусдыг ажиглаад, үзэл бодлыг нь хүндэлж үзэхдээ гайхамшигтай уян хатан, түвшинд нь харьцдаг чадварыг нь дуурайх бололцоо байгаа. Энэ нь өөрийгөө доорд түвшинд аваачиж байгаа юм шиг санагдах юмуу тийм ч байж магадгүй, гэхдээ өөрийгөө доошлуулж байгаа хэрэг мөн, биш эсэх нь тухайн хүний чин энэрэнгүй сэтгэл хийгээд түүний тулгуур билиг ухаанаас хамааралтай.
Өөрийгөө төвчлөх үзлээс үнэхээр чөлөөтэй болно гэдэг нь бусдад хэрэгтэй дүрийг сонгох чадвар ба өөрийн гэсэн жүжгээ тавьж чадахыг хэлнэ. Амьдрал сайхан болж, хэтэрхий нухацтай байх алдааг гаргалгүйгээр бусдад тусалж чадна. Тэр нь зөв, энэ нь буруу гэж хатуу тогтоосноос болж бүх уян хатан байдлыг алдаж, өөрийн санааг зөв гэж баттай хамгаалах, эсрэг санаа болон түүнийг баримталж байгаа хүмүүсийг дайран үгүйсгэх үүрэгтэй гэж боддог. Дараагаар нь, бусадтай харьцаж чадахгүй болдог. Гэхдээ зөв, бурууг ялгаж салгаж болохгүй гэсэн үг биш, харин тухайн хүн, зарчим хоёрын хүн нь илүү үнэтэй, хүнийг өөрчилж болно, зарчмыг өөрчилж болохгүй юм.
 Хоол унд, орон байр, эм тан зэрэг түр зуурын амарыг энэрэнгүй сэтгэлээр өгөх нь сайн, гэхдээ хангалтгүй. Бусдад үнэхээр туслахын тулд зовлонгийн үндсэн шалтгаан буюу би хэмээх мунхаглалыг хэрхэн таних, түүнийг гэтлэн давах аргыг зааж өгөх хэрэгтэй юм. Тэр нь өөрийгөө төвчлөх мунхаглалыг даван туулахыг шаардахаас бус ном бичигт зөвхөн итгэхийг хэлэхгүй. Хүмүүсийг өөрсөддөө хөнөөлтэй тогтсон зуршлаа орхиход нь урам зориг нэмэхийн тулд тэдэнтэй харьцаж чаддаг байх ёстой. Тэдэнтэй харьцахын тулд түвшинд нь зохицуулах ёстой. Амьдралын тайзан дээр тоглож байгаа жүжигчин гэдгээ санаж чадаж байгаа цагт өөрийн зарчмаас ухарсан гэж айлгүй, зарчимдаа үнэнч байх тал дээр санаа зоволгүйгээр бусадтай учир начиртай харьцаж чадна. Билиг ухаан түшсэн энэрэнгүй сэтгэл бол амьдралын төгс дүүрэн бөгөөд ариун зорилго мөн тул үүнийг хэн ч няцааж чадашгүй. Бидний энэрэл бусдад тайвшрал, аз жаргалыг хүртээх бөгөөд түүний зэрэгцээ бусдад хайр, энэрэл хүртээснээрээ хариуд нь өөрөө дээдийн аз жаргалыг мэдэрдэг.
 Та тэгвэл ”Хортон амьтан, хүнийг мөн энэрэх хэрэгтэй гэж үү? Тэд нар зовж л байвал зохих шагнал нь тэр гэж баярлах хэрэгтэй юу? гэж асуух байх. Энэ асуултад шууд “Үгүй” гэж хариулна. Зовлонг Ертөнцийн эзний гэсгээл эсвэл муу үйлийн боловсрол гэж үздэг талтай ч бүгд л жаргахыг хүсдэг, зовлонгоос зайлсхийдэг нь яг адил учраас хортой гэж бодож байгаа хүн, амьтныг ч энэрэх хэрэгтэй. Үзэн ядах хийгээд бусдад зовлон хүсэж, өс хонзон санах нь компьютерийн хэллэгээр “үхлийн алдаа” юм. Уураар амар тайвныг хэзээ ч бүтээдэггүй ба харин ч бэрхшээлийг улам ихэсгэдэг. Амгалан хийгээд зовлонгийн жинхэнэ шалтгааны талаарх төөрөгдлөөсөө болж бид бүгд алддаг боловч үр хүүхдээ алдаа гаргасан ч уучилж, хайрласан хэвээр байдаг шиг бусдын алдааг мөн нигүүлсэн хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ алдаатай буруу явдлыг өөгшөөж, шийтгэж болохгүй гэсэн үг биш; эсэргүүцэл, тэр байтугай шийтгэлийг ч гэсэн энэрэнгүй сэтгэлээр үйлдэж болдог.
 Яагаад бүгдийг хайрлах албатай юм бэ? Яагаад гэвэл, бид урьд төрөлдөө төрөлхтөн бүхэнтэй удаа дараалан ойр шадар байсан юм. Хамаг төрөлхтөн урьд нь бидэнд зүйрлэшгүй их сайхан сэтгэлээр хандаж байсан бөгөөд бүгд бидний садан учраас тэднийг хайрлах нь зүй ёсны хэрэг.
 Эдгээр үгсийг би их энэрэнгүй Ешэ багшийн айлдвараас сонссон бөгөөд та бүхэнд давтаж хэлж байгаа юм. Тэглээ ч гэсэн би одоо болтол хувиа бодох үзэлтэйгээ тэмцэж байгаа бөгөөд тэр нь энэрэнгүй сэтгэл төрүүлэх чадварт саад учруулдаг. Буруу зуршлыг нэг өдрийн дотор өөрчилж чадахгүй нь ойлгомжтой. Тийм болохоор өөртөө л өчүүхэн энэрэх сэтгэл үзүүлж дураараа явна.

2007/08/22

3D цонхнууд

Windows XP дээр ч гэсэн цонхнуудаа ингэж байрлууж харж болно. Үнэгүй программ учраас завтай хүн байвал сонирхоорой.

Татаж авах:
http://www.softpedia.com/get/System/OS-Enhancements/Modotate.shtml

Маниакууд кодыг нь харах бол:
http://www.ksky.ne.jp/~seahorse/mtate2/file/mtate20202src.lzh

2007/08/20

Хүлээц

Сая нутагтаа хариад 2 дахь өдрөө найздаа "жоохон хүлээцтэй байл даа" гэж хэлүүлж орхидог байна шүү. Яагаад ингэж хэлүүлэв, би тийм яаруу сандруу харагдав уу гэж бодоод түүн рүү гайхан харсан чинь харин "сүүлийн үед энэ үгийг хэлэх дуртай болоод байгаан" гэнээ. Ёох(тайвшрав).

"Жоохон хүлээцтэй байл даа" гэлээ гэнээ. Ингээд гадуур явахдаа хүмүүс хүлээцтэй байгаа эсэхэд анхаарах болов.

Хоолны газар орлоо. Хоолоо захиалчихаад хүлээгээд л байлаа, иргэд ч бас надтай адилхан хүлээгээд л байлаа. Нэлээд удаан хүлээлээ. Тэсвэр алдахын даваан дээр эргэн тойрноо харсан чинь хэн ч над шиг чөтгөр бүүвээлэхгүй бас сортолзолгүй Энх Амгалан хааны хамаатнууд шиг тайван сууцгааж байна. Хүлээцтэй байна тээ.

Дараагийн өдөр нь таксиний жолоочид "намайг гялс гарч ирэхгүй бол явчихааарай" гэж хэлчихээд нэг тийш ортол оочер дугаар гэсээр 10-аад минут боллоо. Гараад ирэхэд хүлээгээд байж л байлаа. Уг нь тэр хүртэлх мөнгөө төлчихсөн дээрээс нь таксинд суух гэсэн хөдөлмөрчид замын хашлага дээгүүр эгнээд зогсож байхад яваад өгвөл хэн ч байг гэхгүй дээ, бас л хүлээцтэй байна шүү. Цааш давхиж байтал энэ удаад жолооч гуай урдаа яваа микроавтусыг дуут дохиодож зогсоогоод жолоочтой нь яриа дэлгэлээ. Найз нь болтой.

"Юу хийгээд байнаа?"
"Юу хийх вэ? Өдөртөө унтаж байгаад сэрүүн орохоор гарч байна даа"
"Тарваганд явъя, хөөш"
"Тэгийлдаа"
"За яг явийшүү, алга болов оо лүдээ, Цагаанаад хэлээрэй"

Энэ яриаг дуустал нь сонссон би өөрийгөө маш хүлээцтэй байгааг анзаарлаа. Муугүй хэрэг.

Ингэж тэгэж явсаар болзооноосоо 1 цаг хоцорч очлоо. Гэхдээ би санаа зовж сандрахгүй байлаа. Яагаад гэвэл би хүлээцтэй. Хаалгыг татан орвол бүгд намайг энгийн бөгөөд эротик аястай ... ???*!"$%"#&%!
ХӨӨШ юун эротик мэротик гээд хадуураад явчихав аа. Зүгээр найзууд маань хүлээж бачимдсан шинжгүй тайван байцгааж байсан юм.

Харав уу, тэд ч бас хүлээцтэй байна.

2007/05/22

Нэгэн захидал

Найз Амарсанаад ирсэн захидлыг уншаагүй хүн байвал уншаасай гэж бодоод өөрөөс нь зөвшөөрөл авч энд байрлууллаа. Энэ хавар сургуулиа төгсч, амьдралд хөл тавьж буй залууст зориулж байна.

...Миний нэг танил Япон хүн байдаг юм. Монголын төлөө үнэхээр сэтгэл гаргадаг, маш их юм хийсэн хүн. Албан тушаалыг сонсвол аягүй том хүн ч их энгийн, хэнийг ч ялгалгүй сэтгэлээсээ ханддаг ёстой хүндэлмээр хүн байгаа юм. Тэр хүнтэй хамт Монголын хөдөө аймгийн сургуулиуд, хүүхдийн асрамжийн төв зэрэг газруудаар явж үзсэн. Тэгэхэд "Хаа хамаагүй Монголын төлөө ингэж зовж явж яадаг байнаа, настай хүн биеэ бодоосой" гэж бодогдмоор байдгийн. Өөрийгөө хайрлахгүй зүтгэдэг үнэхээр сайхан хүн.Тэр хүнээс маань өнөөдөр сургууль төгссөнд баяр хүргэсэн мэйл ирсэн байна. Үнэхээр гоё юм бичсэн байсан болохоор заавал найзуудтайгаа хуваалцмаар санагдаад..Тэгэхдээ бүрэн эхээр нь тавьж түвдсэнгүй хэсэглэж авсан хэсгүүдийг доор тавьлаа.

...現状は決して美しくないモンゴルですが、モンゴルの次の世代を担うあなたたちが希望です。時代が変わるためには時間が必要なのですから、待つしかありません。...(敗戦後は)社会の大変動、貧しさ裏切りや、絶望、不安の時代にかすかにある美しさや明るさ信頼などを喜ぶ気持ちが私の家庭内に満ちていました。...あなた...たちがみんなでそれぞれの力をより集めて、夢も希望もあるモンゴルの国を目指してください。私も手伝うからね。一人一人が自分の力を出し合うことが大切なのです。新たな、出発を、心から祝います

(монгол хэл рүү орчуулсан Zuka)
...Өдийгээр Монгол хэдий тааламжит бус байдалд байгаа ч, Монголын залгамжлах үеийг нуруундаа үүрэх та бүхэн найдвар нь билээ. Цаг үе өөрчлөгдөхийн тулд хугацаа шаардлагатай байдаг учир, хүлээхээс өөр зам алга. ...(дайнд ялагдсаны дараах) нийгмийн том өөрчлөлт , ядуурал болон хууран мэхлэлт, итгэл найдварын үгүйрэл, сэтгэл тогтворгүй байдал ноёлсон тэр үед өчүүхэн төдий ч гэлээ байгаа үзэмж, гэрэл гэгээ, итгэл найдвар бүхнийг баярлан хөөрдөг сэтгэл миний гэр бүлээр бялхаж байж билээ. ...та...бүхэн тус тусын хүч чадлаа нэгтгэн нийлүүлж, хүсэл мөрөөдлөөр бялхсан Монгол Улсыг зорьцгоогоорой. Би ч мөн туслалцах болно. Хувь хүн бүр өөрийн чадлыг гарган нийлүүлнэ гэдэг хамгийн чухал билээ. Шинэ эхлэлд тань үнэн сэтгэлээсээ баяр хүргэж байна.

2007/05/11

Орос ардын онигоо

Монголын анхны 3 ерөнхийлөгч тамд очжээ. Эрлэг Номун хаан тэднийг шийтгэхээр болов.
-Тэр том шар! нэр хэн бэ?
-Энхбаяр
-"Э" үсгээр эхэлсэн болохоор эрхий хурууг чинь тасданаа. Эрхий хурууг нь тасдав.
Энхбаяр дотроо "хийсэн нүглийн минь дэргэд бол гайгүй ээ" гэж бодов.

-Дараачийн тэр нүүрийн буянтай! нэр хэн бэ?
-Очирбат
-"О" үсгээр эхэлсэн болохоор олгойг чинь авнаа. Олгойг нь авав.
Очирбат дотроо "ёх, гайгүй өнгөрлөө" гэж бодов.

Гэтэл Эрлэг Номун хаан Багабанди руу харснаа:
-Тэр сүүлчийн сахалтай жижиг! яагаад гэнэт царай чинь цонхийгоод явчихав аа?!

2007/03/20

ҮНАЖ гэж юу вэ?

Гимлайн уулсын дунд орших жижиг улс Бутан нь ДНБ-ээрээ дэлхийд 161 дүгээрт ордог. Энэ улсын бодлого зарчим нь бусад орнуудын анхаарлыг татсаар байна. Яагаад гэвэл ҮНБ(Үндэсний Нийт Бүтээгдэхүүн), ДНБ(Дотоодын Нийт Бүтээгдэхүүн) зэрэг үйлдвэрлэлийн хэмжээг илэрхийлдэг "Бүтээгдэхүүн" биш"Аз Жаргал"-ыг үндэс болгосон "ҮНАЖ(Үндэсний Нийт Аз Жаргал)" гэдэг ойлголтыг улсынхаа бодлогод албан ёсоор оруулсан явдал юм. Басчгүй энэхүү томъёолол нь НҮБ-аас үнэлэгдсэн төдийгүй, 2005 онд японы засгийн газраас энэ сэдвээр симпозиум хүртэл зохиогдсон байна.

Гэвч "аз жаргал" гэдэг бол ихээхэн хийсвэр ойлголт. Яаж хэмжих болж байна? Ер нь ийм боломж байгаа юм уу?

1976 онд Бутан улсын ван нь "ҮНБ-ээс ҮНАЖ нь илүү чухал юм" гэж хэлснээр энэхүү ойлголт анх гарч иржээ. Вантан тухайн үед 21 настай байсан бөгөөд хэр зэрэг гүнзгий бодож боловсруулсан нь тодорхойгүй.

"Аз жаргалыг мэдрэх мэдрэмж бол хувь хүнээс шалтгаалаад янз бүр. Тухайн хүн юуг аз жаргал гэж үзэх нь өөр өөр учраас үүнийг тоогоор илэрхийлэх нь утгагүй юм. Харин аз жаргалыг бүрдүүлэгч зүйлс, аз жаргалыг мэдрэхэд зориулсан нийгмийн зохицуулалт буюу жишээлбэл боловсрол, эрүүл мэндийг тоогоор илэрхийлэх боломжтой болов уу. Бутанд 1.эдийн засгийн өсөлт хөгжилт, 2.түүх соёлыг хамгаалах дэлгэрүүлэх, 3.байгаль орчны хөнөөлгүй хэрэглээ, 4.нээлттэй сайн төр гэсэн дөрвөн үзүүлэлтийг ҮНАЖ-ын тулгуур багана гэж үзэж эдгээрийн тоон үзүүлэлтэд ач холбогдол өгч байна."

Аийн!? тэгэхлээр эдийн засгийн өсөлт хөгжилтийг илэрхийлэгч ДНБ ч гэсэн чухал гэсэн үг үү?

"Эдийн засгийн өсөлт бол орхигдуулж болшгүй элемент юм. Гэвч хүн ардад гай зовлон авчирсан байгалийн гамшгийн дараах үед ч юм уу, эсвэл гэмт хэрэг нэмэгдээд хамгаалалтын хэрэгсэл зарагдаад ирэх үед ч ДНБ-ий тоо хэмжээ өснө. Тийм учраас эдийн засгийн өсөлт, хүний аз жаргал хоорондоо заавал шууд хамааралтай биш юм."

"Та аз жаргалтай байна уу?" гэсэн шоглоом ч гэмээр асуулт Бутаны хүн амын тооллогын үеэрх судалгаанд байдаг юм байна. Энэ асуултанд иргэдийнх нь 3% нь "Үгүй" гэж хариулжээ. Монгол хүмүүс ийм асуултад юу гэж хариулах бол?

2007/02/27

Үдийн цайгаар...

Монголчууд яагаад ийм цөөхүүлээ юм бол? Энэ тухай хоёр хүний яриаг сонсоцгооё.

Нэгдэх хүн, монголын түүхийг шаггүй мэддэг инжнэр залуу. Ингэж байна: Хүн гэдэг амьтны амь амьдрал, тоо толгой нь хүнс тэжээлийн нөөцтэйгөө шууд холбоотой буюу их хүнс тэжээлтэй бол их хүн амтай гэсэн үг. Жишээ нь азийн будаа иддэг хятад зэрэг орнууд будаа шигээ олон хүнтэй байдаг. Будаа гэдэг нь жилд хэд хэдэн удаа ургац авдаг маш олон хүнийг тэжээх чадвартай хоол учраас бижигхээн арал дээрх ёпонууд хүртэл 100 хэдэн сая болтлоо үржжээ. Монголчуудын гол хүнс тэжээлийн нөөц мал нь тодорхой хэмжээтэй бэлчээрт тодорхой тоо толгойноос хэтэрдэггүй юм байна. Тэр тодорхой тоо нь 20, 30 сая мал болоод 2, 3 сая хүнийг л тэжээх чадвартай байдаг гэж. Сонирхолтой л юм. Хүнсээ яаж нэмэгдүүлэх вэ? хүмсээ.

Хоёр дахь хүн болохоор хими биологийн чиглэлийн хүн. Нэг удаа шинжилгээ судалгаагаар явж байхдаа удвал гэдэг цэцгийг хайсан гэнэ.Маш үзэсгэлэнтэй, нарийн бүтэцтэй чухамдаа бол шилдэг сортын тэр цэцэг ямар ховор ургадагийг их гайхсан гэж байгаа. Харин жирийн шар цагаан цэцэг болон хогийн ургамал бол хаа сайгүй бөөн бөөнөөрөө ургадаг гэж. Хүн ч гэсэн байгалийн амьтан учраас ижилхэн байх учиртай.

Та бүхэнд сонирхолтой санаа байвал хэлээрэй.

* * *

Үүрээр унтаж байгсдыг сэрээхгүйн тулд өлмий дээрээ гишгэн коридороор явж байхад гал тогооны радионоос намуухан эгшиглэхэд нь огт тоодоггүй байсан энэ аяыг хисабисани (ойр хожид сонсоогүй байжаагаад) сонссон чинь өөрийн эрхгүй босож, нутгийн зүг харан цээжиндээ гараа тавьж зогсоод гүн хүндэтгэлтэйгээр чагнав.
(татаж авах)

Радио гэснээс монголын радиогоор "Араатан архирна...Бид нар бархирна...Хар тас хаа ч явсан сийхгүй..." гээд цоглог дуу яваад дуусж л.
Тэгсэн чинь 3-4 секунд чимээгүй байсны дараа "тэдэн цаг болж байна" гэж хэлдэг эгчийн танил хоолой:
"Эстрадын Хар тас хамтлаг дууллаа" гэдэг байгаа.Сүртэй.

2007/02/11

Том Жэри хоёр

Он цагийн эрхээр Том хөгширч өөд болжээ. Том бол Жэригийн хувьд олон жил хөөцөлдсөн заналт дайсан, эрлэг нь байсан ч гэсэн өөд болсноос нь хойш Жэри нэг л цог золбоогүй болж орхив. Хэдийгээр айх аюул багассан ч хааяа бүр Томыг зүүдлэх ч үе байлаа.

Нэг өдөр хөгшин Жэри бор ходоондоо юм олж хийхээр үүрнээсээ гараад урамгүйхэн явж байтал гэрийн эзний шинэхэн анд, залуу муур түүнрүү дайрав. Хөлийн хурд мэдэн зугтаах Жэри, залуу муур хоёрын хоорондох зай улам бүр багассаар. Мууранд бариулж үзээгүй ч гэсэн хөгшин Жэри яагаад ч юм тэгтлээ айхгүй байлаа. Зугтааж байхдаа Жэри ингэж боджээ. "Өдөр болгон шахуу хөөцөлдөхдөө Том намайг нэг ч удаа гүйцээгүй юм байна шүү."

Залуу муурын хурц хумснууд биед нь шигдэн орж ухаан балартан, нүд бүрэлзэхэд Жэри ахиад Томын тухай бодлоо. "Том бол надаас том биетэй, хүчтэй, хурдан. Гэтэл яагаад намайг гүйцдэггүй байсан юм бэ?"

Диваажингийн үүдээр Жэриг орж ирэхэд Том сүүлээ гозолзуулан үсрэн дайрлаа. Жэри ч сурсан зангаараа жирийлгэж гарав. Гэхдээ огт аймшигтай байсангүй. Бүр албаар бүдэрч унаж, удаан гүйж ч үзэв. Том үнэхээр гүйцэхгүй байлаа. Жэри хөгжилтэйгээр гүйж байхдаа ингэж боджээ.
"Том, би чамтай уулзсандаа баяртай байна. Чи бол жинхэнэ найз!"

2007/01/30

Торгууль

Үлдсэн нэгийгээ хүлээгээд найзтайгаа Сүхбаатар жанжны хөшөөг тойрсон гинжин дээр сууж байснаа юу нь хатгасийн бөө мэд хөшөө рүү авирч гарлаа. Доороос нь харахад гайгүй байсан чинь авирахад нэлээн өндөр бас эвгүй байна шүү. Арай гэж морьны бөгсөн дээр гараад жанжны тохойноос сугадсан чинь аймар том, бараг л тэвэрхээр юм байдаг байгаа. Тэгтэл доогуур явж байсан япон жуулчид шаагилдаад л зураг авч байна. Би ч ичиж зовохыг мэдэх биш өөдөөс нь даллаад л, жанжинтай ижилхэн pause аваад л элдэвлэж өглөө. Манай найз санаа нь зовсон болтой нэлээн хол очоод зогсчихож.

Гэнэт доор байсан зурагчдын нэг, ширүүн байрын нөхөр "Хөөе, чи буугаад ир!" гэжийн. Би ч буулаа. Тэгсэн чинь шууд чихдээд хөрөнгийн биржийн тэнд байдаг цагдаагийн путкэнд аваачив. "Энэ нөхөр Сүхбаатартай сундалдаж байна" гэдэг байгаа. Тэгээд яахав, хуушуур идэж, мортал тоглох гэж ээжээсээ авсан 500 төгрөгөөөрөө торгуулсым даа.

Ай көөркий, күүкэд нас минь, сайхан Улаанбаатар минь.

Та бүхэнд ч гэсэн Сүхбаатарын хөшөөтэй сайхан дурсамж бий л байх. Ганбаа, Баярсайхан нарын хэлсэнчлэн утаан дундаас Сүхбаатарийн хөшөөг олж харах юм бол "Хн, тавьтаргүй золиг шдээ" гэж миний тухай нэг бодчоорой. :)

Бүгдээрэнд чинь амжилт!

2007/01/25

Оддын дайн

Урждар сансарт тэсрэлт шиг юм харагдав. Юу болж байна энэ чинь, оддын дайн нь эхлэв үү гэж дэлхийн цагдаа амэрх ах сандрав. Сунадаг дурангаараа хартал яах аргагүй нэг юм шатаад байхаар нь болдоггүй хэдээсээ асуусан чинь хятадууд өөдөөс нь харин "аан тийн, бид нар хуучин хиймэл дагуулаа буудаж дэлбэлсийн" гэж хээвнэг хариулжээ. Тэгсэн нэг амэрх нөхөр "энэ хятадууд манай 50 гаруй хиймэл дагуулуудыг сөнөөх туршилтаа хийж байна. Ах дүү орнуудийн хамтын нийгэмлэгт занал хийлэв" гэж сүржигнэхэд япон зэрэг зарим орны томцуул "хуучин юмаа устгана уу, яана уу бяданд ямар хамаа байхав, гэхдээ хэлтэрхий нь бид нөхдийн зулай дээрээс унаж мэдэх учраас болчимгүй юм хийжээ" гэж айлдав.

За ямар ч байсан урд хөршийнхэн сансар мансар гээд дээгүүр жаалж байх хоорондуур Хүдэр хүү энэ хавиар хуучин ховор дуу нэгийг олж авлаа.

Дун пан хуа та янь ши
Зунгуа цулай ига Мао Зэ Дун

Дорно зүгт нар мандлаа
Хятадад Мао Зэ Дун төрлөө

(1950-иад оны үед энэ дууг монголын бага сургуулиудад заадаг байжээ. Хүүе, дунд нь "ига" гэжийн!?)

2007/01/24

Жанрын хямрал

Ketsumeishi гэдэг хамтлагт анх их дургүй байлаа. Яагаад гэвэл тэр үед энэ хамтлагт нэг хүн дуртай байсын. Харин одоо бол би дуртай.

Эртээд Лхагваагийнд муушигдаж байгаад Sakura гэдэг дууных нь клипийг нь олж үзээд улам дуртай болов. Клипэн дээр нь гардаг хүүхэн үнэн хөөрхөн, ямартай ч миний type.



Намуухан, эргэлдэнхэн доошилсоор
Мөрөн дээр минь
Зөөлөн унасан цэцгийн тэр дэлбээг
Алган дээрээ авч нүдээ анихад
Чи миний дэргэд хэвээрээ

Пээ, дахилтыг нь орчуулсан чинь аятайгаа яг таараад балай авч байна.

Хуралдаан үргэлжилж байна, эрхэм иргэдийн төлөөлөгчид өө!

2007/01/22

Чэнжэд блог тайтл

Өнгөрсөн долоо хоногт хамт ажилдаг яаруу сандруу охин аймар ууртай, блог молог уншихаар тооцоолон бодох төхөөрөмжийн (цаашид ТБТ) тогны утсыг салгаж бариад. Тэгээл будран уйтгарлах хүйтэн цаснаар хүрмэн дотроо хүйтэн алхсаар (энэ өвөл цасны бараа хараагүй л дээ) шөнийн 12-т гэртээ орж ирэн tv-гээр хэдэн марзангуудаа харж ход ход инээж аваад унтах байдлаар гэрийнхээ ТБТ-ийг нэг ч асаалгүй долоо хоногийн ажлын өдрүүд түй гэхийн хооронд дуусж найзтайгаа үүр цайтал сархдын амтанд мансуурах амралтын өдөр ирвэй. Юу эсийг ярилцах вэ, "яг одоо би хамгийн аз жаргалтай байна, өөр юуг ч үл хүснэм" эсвэл "амь амиа бодоорой гэхийг юу гэж орчуулах вэ" эсвэл "Буш одоо хаан юм уу, заан юм уу" гэх зэрэг хамгийн утгагүй бөгөөд энгийн зүйлсийг ярилцав. Сайхаан сайхан.

The Departed гэдэг кино үзлээ. Мужийн цагдаад шургалсан мафийн "харх", мафийн дотор нуугдсан цагдаагийн "харх"-ний тухай өгүүлэх (америкийн ялзарсан нийгмийг харуулах гэсэн юм болов уу гэж гальт бодов) эл кинон дээр хятадийн мафиуд тив алгасагч пуужингийн удирдлагын микросхемийг америкийн мафиудаас худалдаж авахаар ирсэн чинь хятадын коммунист намын нэг том нөхөр цуг явжийн гэсийшд. Алышүү нээрээ.

За тэгээд нэгдэх болж ажил дээрээ ирээд харсан чинь цуг ажилдаг эгчмэд бүсгүйдээ ахиад л дуралчихлаа. Нэрийг нь л мэдэхээс биш юм ярьж үзээгүй л дээ. Аймар даруухан, хуруу нь бас нарийхан. Би ер нь их амархан дурлаж байнаа. Эртээд өөр нэг эгчмэд бүсгүйд дурласан. Тэр бол үнэн секси. Яг л түгжээг нь мултаслан гарнаат гэсэн үг. Даан ч нүүр нь жоохон том учраас тэгсгээд тайвширсан.

Манай найзууд нэг хэсэг Уруулын будаг хамтлагт дуртай болов. Дууг нь сонсохоор охидууд гайхаж ярвайгаад л, бид нар улам баясаад л. Манай нэг бандгайрдаг найз нэг өдөр орж ирээд: -Би соёлын төв өргөөний тэрүүгээр явжийсан чинь 69-н дотор уруулын будгийнхан хуушуур идээд сууж байсан гэдэг байгаа. Өчигдөр тэрийг санаж баахан инээв.

Ахин нэг долоо хоног Гамбирмаа шоу!

2007/01/15

Шинэ систем

Хүн 10 хуруутай болохоор аравтын тооллын систем болон 10 цифр гарсан. Хэрвээ 14 хуруутай байсан бол 14-тийн тооллын систем, мөн 14 цифртэй байх байсан болуу.

Нэг, хоёр, гурав ... ес, арав, Хэлмэн, Цолмон, Дөөлий, Мөөлий. гэхэнэ байна л даа ухаандаа. Тэгэхээр арав, хорь ...ер, зуу буюу тэгээр төгссөн тоонууд дараачийн байдлаар бий болж болох юм. Хэлмэр, Цолмор, Дөөлийл, Мөөлийл.

Арав бол эрх мэдэл доошилж урьдны сайхан 10 биш нэг оронтой "ердийн" нэг цифр болох учиртай. "А" ч юм уу зүгээр л ес болон Хэлмэний дундах нэгмуу "тоо".

Тэгээд жоохон тоо бодуул :
7 * 2 = 10(мөөлий)
5 + 8 = дөөлий
хэлмэн * 2 = 18(мөөлийн найм) гэж гарч байна.

(Цолмондугаар бүлэг: Цэвээн ажлаа хийлгүй туйлын утгагүй юм бодож байгаагаа өөрөө мэдэж байсан ч гэсэн ихэд баясвай)

За дүгнэлт хийвэл 14-тийн тооллыын системд шилжих юм бол тархины нөгөө ашиглагддаггүй эд эсүүд нь жоохон амилж, урчлээс нь гүнзгийрч магадгүйн шиг байна.

Улсын их хурал, ерөнхийлэгч, монгол ардын хувьсгаалт нам, ардчилсан нам болон эрүүл нийгмийн хөдөлгөөнд санал болгох нь:
- Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд манай оронд толгой сайтай, гавал боловсон хүчингийн хэрэг их байгаа билээ. Тэднийг багаас нь бэлдэж гаргахын тулд тархийг нь turbo болгох нь үр дүнтэй бөгөөд "Мөөлийтийн тооллын горим"-д нэн даруй шилжихийг өчүүхэн миний бие санал болгож байна. Шинэ цифрүүдийн нэршлийг хэл шинжлэлийн хүрээлэнд даатган дүрсийг тендэр шалгаруулж үндэсний хэв шинжийг агуулсан (чингис хаан, хасбу тамга, 800 жил, хангарьд шувуу зэргийг оруулбал зүгээр) байхаар бүтээлгэхийг хүсье.

Сүхбаатар дүүргийн дугаар хорооны оршин суугч Хүдэр (цэрэгт яваагүй)

2007/01/09

Уншаад хэрэггүй дөө

Үүгл reader лүү орсон чинь
Үй түмэн бичлэгүүд нэмэгджээ
Үсэглэж уншдгийн болохоор
Үүр цайлгахыг шахав

+=

Нүүлээ. Тэгээд нэг охин луу утасдаж "би цэцгийн ваар худалдаж авсан. чи ирж үзээч" гэж урив. Шинэхэн орсон байрыг минь үзээд нөгөөдөх чинь энэ нь ийм байна, тэр нь тийм байна, ерөнхийдөө бол сайхан байр байна гэлээ.
-Харин үзүүлнэ гэсэн цэцгийн ваар чинь хаана байна?
-Энэ байр бол миний авсан ваар. Хоосон, уйтгартай байсан энэ вааран дотор дэлгэрсэн ганц улаан сарнай бол ЧИ.
-Сарнай чинь өргөстэй шдээ.
-Сарнайн гоо үзэсгэлэнгээс болоод би өвдөх мэдрэмжээ алдчихсаан.

バーカ! (маангар)

Долоо хоногийн эхэнд олгойд иймэрхүү тэнэг юмнууд орж ирж байна.

2007/01/04

Шинэ оны мэнд!

Юуны түрүүнд үүнийг уншигч танд шинэ оны мэндийг хүргэе. Сайхан баярласан биз дээ?
Миний хувьд ээжтэйгээ, найз нөхөдтэйгөө бас нутгийн архи, бууз, салат, торт... (муу хүн идсэн ууснаа) гээд инээд ханиадаар бялхсан сайхан шинэ жил боллоо.

Кино үзлээ, цуг үзэгсэд маань уйлцгаалаа. Би урьдны адил дотогшоогоо уйллаа. "Ио жима-гаас илгээсэн захидал" гэдэг кинон дээрх дайсны бүслэлтэд орсон япон цэргүүд тойрч зогсоод нэг нэгээрээ цээжиндээ гарнат тэслэн зад зад үсэрч байгаа хэсэг бол айхтар. Даргын тушаалыг даган амиа егүүтгэх тэдгээр залуусын сэтгэл дотор юу байсан бол? Эр зориг, нэр төр үү? Эзэн хааныхаа төлөөх үнэнч сэтгэл үү? Эсвэл зүгээр л айдас, шок уу? Янз янзийн л дүр зураг харагдаж байлаа.

Дараа нь Да винчи код-ийг үзлээ. Исүс эхнэр хүүхэдтэй, үр удам нь өнөөг хүртэл амьдарч байгаа, тэднийг устгах хүсэлтэй нэг хэсэг, хамгаалах хүсэлтэй нөгөө нэг хэсэг хүмүүс байдаг. Киноны агуулга бол ердөө л энэ. Огт сонирхолтой санагдсангүй. Гэхдээ энэ киноны "зорилго"-ыг дотроо таамаглаад байгаа. Юу гэхлээр бурхан гэж байхгүй, Исүс бол жирийн хүн байсан. Бусдыг хайрлаж, энэрч, өөрийн амь биеийг зориулж чадах юм бол чи ч гэсэн бурхан болж болно.
"Исүс секс хийдэг байсан хэмээн бидний шүтээнийг доромжиллоо" энтэр гэж энэ зохиолыг эсэргүүцэгч исүсийнхэн ярьж хэлж байсан. Гэхдээ буруу номтнуудыг алаад өөрөө үхэх юм бол бурхан чамайг шагнаж, 70 сайхан хүүхэнтэй диваажинд жаргана гэж сургадаг зарим нэг шашнаас, христосийн шашнаа "ялгаа"-тай болгох гэсэн нэг оролдлого бол энэ кино гэж. Дараагийн анги дээр нь Том Хэнкс үүлэн дээгүүр нисч үзээд "там диваажин гэж байдаггүй юм байна шдээ, бид нар чинь үйлийн үрээрээ зургаан төрөлдөө зовлон жаргалаа эдэлж байгаа юм байна" гэж хэлж тун магадгүй шүү. Хэхэ.

Сайхан хадуурлаа. За за нэгэнт кино руу хадуурсан юм чинь. Borat гэдэг киноний тухай: Америк-д ирсэн казакстан эр харанхуй бүдүүлгийн хар гаргайгаар элэг хөшөөм үйл явдлуудтай учирна. Казакстанууд анхандаа энэ кино манай улсыг доош нь хийлээ гэх маягтай хүлээж авчээ. Гэтэл кино гарч эхэлснээс хойш асар удалгүй казакстануудын хувьд баярламаар нөхцөл байдал үүслээ. Тийшээ аялах сонирхолтой хүмүүсийн захиалга урьдынхаас хэдэн арав дахин нэмэгдээд, онгоцны тийз, зочид буудлын захиалга энтэр нүд ирмэхийн зуур дүүрсэн байна. "Манай улсын аялал жуулчлалын салбар гэнэтийн boom-ыг даахгүй байна" гэж казакстаны элчин сайд нь ч билүү нэг том нөхөр нь хэлсэн гэж бичжээ (киног үзээгүй л дээ). Энэ их жуулчдийг дагаад бөөн мөнгө орж ирэх нь ойлгомжтой. Ямар ч байсан сайн хэрэг.
Харин Монголийн тухай өгүүлсэн (монголд ашигтай) hollywood-ийн кино гэж хараахан байхгүй. Хэдэн жилийн өмнөх Charlie's Angels II-ын эхэн хэсэгт North Mongolia гэж бичиг гараад баахан буу шийдэм болсон зэрлэг улсууд мах идэж архи уугаад л, нөгөө гол дүрийн гурван хүүхнийг харангуутаа шууд дайраад л, үнэн назгай. Монголын тухай мэдэхгүй хүн үзэх юм бол монголын тухай тийм л төсөөлөлтэй үлдэнэ. Ямар ч байсан монголд жуулчилъя гэж бодохгүй. Аа, энэ бол муу хэрэг.
Маш их хэмжээний хөрөнгөөр бүтсэн, японд байтугай дэлхийд амжилт олно гэж яригдаад байгаа "япон Чингис" 2007 оны жуулчдын тоог ихэсгэх болтугай. Бас төрсөн дүүгээ алсан хэсгийг яаж гаргах нь сонин байна.

2007 он, та бүхэнд эрүүлийг хүсье! Эрүүл байвал юм бүхэн болно.

Зиак, хэд хоног сайхан амарсны эцэст өнөөдрөөс "тулалдаан"-даа эргэн орлоо.
Welcome to the real world!
 
Free Counter