2008/11/19

Уран зохиол

Уран зохиолын ном унших хэрэгтэй. Монгол болоод, дэлхийн шилээвэр зохиолуудыг залуу завтай насандаа аль болох ихийг уншаад авах нь юмыг олон талаас нь хардаг болоход, өөрийн гэсэн үзэл бодолтой болоход, наанадаж хүнтэй ярихад ч гэсэн хэрэгтэй.

Сурагч, оюутан байхдаа өөрөөр хэлбэл залуу насны оргилуун сэтгэлтэй байгаа дээрээ унших нь илүү үр дүнтэй. Сэтгэл хөдлөлтэйгээр уншина, зарим үед уйлаад уншина шүү дээ. Ингэж уншихыг л жинхэнэ унших гэнэ. Нас яваад завгүй болно, дээрээс нь бодол сэтгэл тогтворжоод ирэхээр уран зохиол сэтгэлийн гүнд хүрч чадахгүй. Тийм болохоор залуу байгаа дээрээ сайн унш.

Өнөө үед бидний эргэн тойронд телевиз, интернэт гээд мэдээлэл авах олон суваг байна. Гэхдээ энэ бүх чих дөжирмөөр зүйлээс олж авч чадахгүй зүйл уран зохиолд бий. Тэнд хүний мөн чанар, хүмүүсийн харилцааны ээдрээтэй асуудлууд, ёс суртахуун, хайр сэтгэл гээд интернетээр хайж олоод ойлгож болохгүй зүйлүүдийг өгүүлдэг. Өөртэйгөө ярилцаж, эргэцүүлж бодох боломж олгодог.

Найз нөхөд, дүү нартайгаа уран зохиолын тухай ярилцаарай. Ном солилцож уншаарай. Бичигч одоог хүртэл маш бага уншсан болохоор өөрийгөө хөгширсөн гэж бодохгүй уншина гэж бодож байгаа. Уншаарай гэж зөвлөх ном байна уу?

2008/11/06

Ярилцах ину

Бид өдөр тутам хүмүүстэй ярилцдаг. Найз нөхөд, гэр бүлийнхэн, ажил төрлийн холбоотой хүмүүс, дэлгүүрт, гудманд гээд олон төрлийн хүмүүстэй ярилцдаг боловч яриагаа урьднаас эмхэлж алдаа мадаггүйгээр бодсон санаснаа бүрэн илэрхийлж чаддаг болов уу? Магадгүй ийм боломж хийгээд шаардлага ч байхгүй байж мэднэ. Харин яриаг аль болох үр дүнтэй болгохын тулд
Нэгд. өөрийгөө хянах, Хоёрт. харилцагчаа ажиглах чадварыг өөрийн болгох нь тэргүүний зорилт юм. Ярилцах (харилцах) үед анхаарах 5 хэлбэрийг доор орууллаа.

Давших хэлбэр
Үүнд харилцагчийгаа эсэргүүцэх, яриаг таслах, буруутгах, залхаж төвөгшөөх, өөрийгөө зөвтгөх, сүрдүүлэх, хариу тус нэхэх зэрэг орно.
Ийм яриа бол харилцагчийн зүгээс харахад амиа хичээсэн, шудрага бус, ухаалаг бус гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Сайн тал гэж бараг байхгүй.

Зайлсхийх хэлбэр (гол сэдэв рүү шууд орохгүй)
Сонсоогүй байдал гаргах, сэдвийг өөрчлөх, ярихаа болих, яриаг хойшлуулах зэрэг орно.
Энэ нь асуудал мухардалд орсон үед шинэ санаа дэвшүүлэх, сөргөлдөөнийг хурцдахаас сэргийлэх сайн талтай ч асуудал шийдэгдэхгүй удах зэрэг сөрөг талтай.

Мэдээлэх хэлбэр (өөрийгөө ойлгуулах)
Санал хүсэлтээ гаргах, асуудалд тайлбар хийх, өөрийн байр сууриа хамгаалах, санаа бодлоо илэрхийлэх зэрэг юм.
Энэ нь харилцагчийн эргэлзээг багасгаж өөрийгөө илүү мэдрүүлэх сайн талтай боловч элдэв баталгаа, тоо баримт, хуулийн тайлбар ашиглах нь "давшилт" гэж хүлээж авах тохиолдол бий.

Нээлттэй хэлбэр
Яриаг анхааралтай сонсох, асуулт асуух, хэрэв санал нийлэхгүй тохиолдолд өөрийнхөө үгээр сольж хэлж үзэх зэргээр сэтгэлээсээ нээлттэй харилцах юм. Ингэснээр харилцагчийнхаа байр суурь, үзэл бодол, хүсэл сонирхол зэргийг мэдэх ба итгэлцэл үүсч цаашдын харилцаанд сайнаар нөлөөлөх болно.

Нэгдмэл хэлбэр
Эхлээд харилцан ижил үзэл бодол, сонирхол зэргийг эрэлхийлнэ. Түүн дээрээ тулгуурласан нөхөрсөг харилцааг үүсгэж цаашдын холбоогоо бататгана. Зүйрлэж хэлэх юм бол дундаа нэг завь хийгээд хөвөх мэт.


Эдгээр таван хэлбэр бол найз нөхдийн, өдөр тутмын энгийн ярианаас эхлээд ажил хэргийн холбоонд хүртэл анхаарахад илүүдэхгүй болов уу. Саяхан танилцсан аятайхан бүсгүйтэй ч хэрхэн ярьснаас их зүйл шалтаална гэдгийг сануулах юун.

...Нэгд. өөрийгөө хянах, Хоёрт. харилцагчаа ажиглах чадварррр... (давтан хэлсээр гарч одов)
 
Free Counter